Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл судлаач А.Хонгорзултай ярилцлаа.
-Стресс юунаас үүсдэг тухай яриагаа эхэлье?
-Бид өөрт тохиолдсон ямар нэг сөрөг үр дагаврыг стресстэй холбож ойлгодог. Гэтэл эерэг зүйлээс сэтгэл хөдлөлд орж байдгийг мэддэггүй. Сөрөг сэтгэл хөдлөлийг дистресс буюу бидний ярьдгаар стрессдэх гээд байгаа юм. Нөгөө талаар бидний оюун санаа аливаа зүйлийг хэрхэн хүлээж авахаас шалтгаалдаг. Тиймээс хүлээцтэй байх нь стрессдэхгүй байх хамгийн зөв алхам. Юмыг аль болох эерэг талаас нь бодож тунгаах хэрэгтэй. Тухайлбал, дэлгүүрт ороход худалдагч Таны хэлсэн үгийг ойлгохгүй байгаа тохиолдолд бухимдалгүйгээр хүлээцтэй хандаж дахиад нэг хэлээд үз.
-Стрессээс амархан гарах ямар арга байна вэ?
-Аливаа зүйлийг хэрхэн хүлээн авахаас шалтгаална. Одоо цагт байж чадах юм бол стрессээс амархан гарч болно. Өөрөөр хэлбэл, хүн аливаа зүйлийг хийхдээ өөр зүйл бодолгүй зөвхөн тухайн цаг хугацаандаа анхаарлаа хандуулна. Мөн сэтгэл ханамж авдаг зүйлээ хийх хэрэгтэй. Усанд орж амрах, найз нөхөдтэйгөө зугаалж болох юм.
-Мэдрэлийн ядаргаанаас стресс үүсэх үү?
-Мэдрэлийн ядаргаа гэдэг нь архагшсан стресс. Хүний оюун санаа, бие хоорондоо нягт холбоотой байдаг. Гэтэл нэг зүйлд удаан хугацааны турш шаналаад байвал стресс үүснэ. Мөн бидний хүрээлэн буй орчин аюултай болсон учраас амархан мэдрэлийн ядаргаанд орж байна. Сүүлийн үед насанд хүрсэн хүн гэлтгүй хүүхдүүд ч ямар нэгэн байдлаар стресст ордог болж. Тэдний хувьд өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг гэр, сургууль дээрээ ямар байгаа нь их хамааралтай. Ээж, аав хоорондын харилцаа ямар байгаагаас хүүхэд шууд хамааралтай байдаг. Хэчнээн хажууд нь хэрэлдэхгүй ч хүүхэд зөнгөөрөө орчноо мэдэрдэг. Хүүхэд ажиглаж суралцдаг. Тийм болохоор гэр бүлийн байдал хүүхдэд их чухал.
-Гэр бүлийн сэтгэл зүй ямар байвал зохих вэ?
-Гэр бүлийн гишүүдийн харилцаа эрүүл байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүд бие биеэ хүндэлж, хайрлаж харилцан тэгш харилцаатай байх нь чухал. Хэн нэг нь өрхийн тэргүүн гээд гэр бүлийн гишүүддээ туслахгүй, эсвэл нэг нэгдээ дээрэлхэнгүй хандах нь тухайн гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлнө. Гэр бүлийн тэгш бус харилцаанаас ч хүүхэд суралцаж байдаг. Бие биенийгээ хүндэлж, хэлсэн үгийг нь сонсдог, ойлгодог байх нь хамгийн чухал юм. Ийм гэр бүлд өссөн хүүхэд эргээд зөв харилцаатай хүн болж төлөвшдөг. Хэрвээ хүүхэд чинь сургууль дээрээ асуудал үүсгээд байвал буруушаахаас илүүтэй тухайн гэр бүлийн гишүүд бүгд өөрсдийн харилцаа, уур амьсгалаа анзаарах хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ найз нөхөд мэт ярилцах нь чухал. Ялангуяа арван жилийн сургуульд хүүхэд бие биеэ дээрэлхэх асуудал гардаг. Манайхан хүний өссөн орчин чухал гэж ярьдаг нь үүнтэй холбоотой.
-Сүүлийн үед PC тоглоомонд донтсон хүүхэд олшрох болжээ. Ийм асуудалтай эцэг эхчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?
-Донтолт гэдэг нь тухайн хүний өдөр тутмын амьдралд зөрчил гарахыг хэлж буй юм. Тоглоомонд донтох нь өөрчлөлт тул мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Энэ үед зөвхөн хүүхэд гэлтгүй эцэг эхтэй нь хамтран ярилцах чухал байдаг. Хүүхдийнхээ сургууль, ангид ямар үйл явдал болсон зэргийг нь сонирхож яриаг нь сонсох хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн өөрөө өөртөө итгэх итгэл сайжирдаг. Мөн хүүхдийнхээ хийх дуртай зүйлийг дэмжиж анхаарал хандуулах нь чухал. Ээж, аав нь хүүхэдтэйгээ ойр байж тоглоом тоглох цагийг нь багасгах хэрэгтэй. Мэдээж эхний үед хүүхдэд хэцүү байна. Зарим хүмүүс тоглоомонд донтсон хүүхдийнхээ явдлыг шууд хорьдог. Энэ хамгийн буруу алхам. Эцэг эхчүүд анхаарал тавьж хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаагаа уртасгах хэрэгтэй. Амралтын өдрөөрөө гэр бүлээрээ салхинд гарч хүүхэдтэйгээ илүү ойртож харилцахад буруудахгүй. Нөгөө талаас манайхны нэг буруу зуршил байдаг. Бид оройн хоол идэхдээ өрөө өрөөндөө ч юм уу ганцаараа хооллодог. Цөөхөн айл оройн хоолон дээрээ ярилцаж ширээ тойроод суудаг. Энэ нь нэг талаараа гэр бүлийн уур амьсгалыг эерэг болгодог.
-Гэр бүлийнхээ гишүүнийг архинаас гаргахын тулд хэрхэн харилцах ёстой вэ?
-Архи уудаг хүн өөрөө л зориглож хичээж чадвал архинаас гарах бүрэн боломжтой. Түүнээс хэн нэг нь тухайн хүнийг хүсээгүй байхад архинаас гаргая гэж хичээгээд нэмэр болдоггүй. Мөн архичны гэр бүлийн хүмүүс дам хамааралтай болчихдог. Хүмүүс эхнэр нь ааштай болохоор нөхөр нь архи ууж байна гэж ярьдаг. Ингэж өрөөсгөл ойлгож болохгүй. Ийм хүмүүс сэтгэл зүйчтэй ажиллахаас гадна эмэн эмчилгээ давхар хийлгэх хэрэгтэй. Архи их уусан хүний тархины эд эсэнд өөрчлөлт ордог болохоор дан сэтгэл зүйчид хандаад нэмэр болохгүй. Наркологийн эмчтэй хамтран ажиллах хэрэгтэй.
-Манай улсад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хэчнээн байгууллага байдаг вэ. Та Монголын сэтгэл зүйчдэд ямар үнэлгээ өгөх вэ?
-Монголын сэтгэл зүйчид мэргэжилдээ сайн. Онолын төвшинд сайн бэлтгэгдсэн. Зарим нэгнийх нь практик дутмаг байж магадгүй. Монголын хувьд сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл засал шинэ салбар.
-Танд хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны хохирогчидтой ихэвчлэн ажилладаг. Хандаж байгаа хүмүүсийн 80 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн 20 хувийг эрчүүд эзэлдэг. Манайхан эрчүүд ч гэсэн асуудалтай байж болно гэдгийг ухаардаггүй. Эр хүн уйлах муу гэдэг нь өрөөсгөл ойлголт. Гэтэл хүн уйлснаар сэтгэлээр унах, удаан хугацаанд стрессээс өөрийгөө хамгаалдаг.
-Хүний наймааны хохирогчидтой ажилладаг гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Ямар нэгэн байдлаар хууртагдаж гадаадад худалдагдсан эмэгтэйчүүд Монголд ирээд “Хүний эрх хөгжил төв”- д ханддаг. Ингэж явахдаа давхар сэтгэл зүйн зөвлөгөө авдаг. Эдгээр эмэгтэй өндөр цалин амласан ажилд орно гэж гадаадад очоод бүх төрлийн хүчирхийлэлд өртдөг. Турк, Солонгос зэрэг орон уруу өндөр цалин амлаад хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг. Ажиглаад байхад Солонгос уруу хуурамч гэрлэлтээр гараад хууртагдсан хүмүүс их ханддаг.
-Олон нийтийн телевизээр алан хядлага, хүчирхийлэлтэй кино, нэвтрүүлэг цацагддаг. Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлнө биз?
-Эрдэмтдийн дунд телевиз хүүхдийн хүмүүжилд хэр нөлөөтэй вэ гэдэг талаар судалгаа явуулсан байдаг. Зарим эрдэмтэд мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлдэг гэдэг утгаараа сайнаар тайлбарладаг бол нөгөө хэсэг нь сөрөг нөлөө их гэж үздэг. Ялангуяа алан хядлага, цус асгаруулсан кино үзэхээр далд ухамсрыг нь гэмтээдэг. Гадаадын туршлагаас харахад яг хүүхдийн цагаар нас насанд нь таарсан нэвтрүүлэг гаргадаг. Австрали, Англи, АНУ-д өглөө 7.00-8.00, өдрийн 15.00-17.30 цагийн хооронд хүүхдийн нэвтрүүлэг гаргадаг.
-Амиа хорлолтыг мэргэжлийн зүгээс тайлбарлавал?
-Хүн амиа гэнэт хорлодоггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Олон жилийн сэтгэл гутралаас үүдэн хүн амиа хорлодог. Архаг сэтгэл гутралд орсон хүмүүстэй сэтгэцийн эмч ажиллана. Учир нь сэтгэл заслын хажуугаар эмийн эмчилгээ шаардлагатай байдаг. Харин хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралтай байвал сэтгэл зүйч ажилладаг.
-Хүн бухимдалд орохгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Алдаа гаргах болгондоо өөрийгөө уучилж сур. Тэр алдаанаас Та нэг зүйлийг ухаарч ойлгож авсан байдаг. Бид хүнд гомдчихоод тэрийгээ бодоод л өөрийгөө шаналгаад байдаг. Хэрвээ амаараа уучлал гуйж чадахгүй бол зүрхээрээ уучилж сур. Бусдад урмын үг хэлэх нь Таныг өөдрөг болгоно. Тухайлбал, хажуугаар өнгөрөх хүний ямар нэг юм нь таалагдсан бол шууд л тэр дор нь илэрхийлэх хэрэгтэй. Мөн орой унтахынхаа өмнө орондоо ороод тухайн өдрөө тунгаан бодож сэтгэлийг чинь хөдөлгөсөн, амьдралд чинь ямар нэг байдлаар хувь нэмэр оруулсан хэн нэгэнд талархлаа илэрхийлээд үзээрэй. Тухайн өдрийн ажлыг ямар сайн хийсэн, бүтэлгүйтсэн ч чадах бүхнээ хийсэн гэдгээ өөртөө хэлэх, хүлээн зөвшөөрөх нь чухал. Мөн өдрийн тэмдэглэл хөтөлж хэн нэгэнд талархсанаа бичиж болно. Сэтгэл гутралд өртсөн хүмүүс өдөр тутам талархсанаар гутрал багасдаг гэдгийг сэтгэл зүйчид зөвлөдөг. Өдөр тутмын амьдралдаа өдөр бүр өөртөө зориулж тодорхой цагийг заавал гаргаарай. Их ажлын хажуугаар өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийх гэж оролдоод үз. Хүмүүс чөлөөт цагаа өөртөө биш гэр бүлийнхээ хэн нэгэнд зарцуулдаг. Харин зөвхөн өөртөө зориулаад хийхийг хүсч байдаг зүйлүүдээ бяцхан төлөвлөгөө гаргаад хэрэгжүүлээрэй. Өөртөө цаг гарган өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, түүнийхээ төлөө өөртөө итгэлтэйгээр хандах нь таны амьдралд үр өгөөжтэй, тогтвортой сэтгэл хангалуун байдлыг авчирна.
Б. СЭЛЭНГЭ
Эх сурвалж: www.UNEN.mn сайт
Нахиа импекс ХХК: Мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд санал болгох
- Нейрорубин 2мл, Витамин В комплекс 2,0 мл эмийн холболт